Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр /2020.01.12/ болж өндөрлөв. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ.
Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргийн шатарч А.Аръяабадрал хоёрдугаар, Өвөрхангай аймгийн шатарч М.Баатар гуравдугаар байранд шалгарлаа. Шагналт байрт Б.Очирсүх (Сүхбаатар аймаг), Д.Сүх-Очир (Дархан-Уул), Г.Баяраа (Хэнтий), Б.Цоггэрэл (Сонгинохайрхан дүүрэг) нар орлоо.
Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байранд Б.Батцэнд (нийслэл), Э.Батсувд (Хэнтий), Ж.Алтанцэцэг (Увс) нар тус тус эзлэв.
Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах сонирхогчдын тэмцээнд оролцох эрх олгосон юм.
Тэмцээний эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерын цол, тэмдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэсэн юм.
Мөн тус тэмцээнээс “Оюунлаг түшээ”-гээр тодорсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржид Өргөмжлөл гардуулж, саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсон ахмад шатарч Ж.Лхагваад хүндэтгэл үзүүлэв.