Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.10.17/ Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгууллаа. Уг тулаан нь аравдугаар сарын 9-нд товлогдсон ч цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй гэх шалтгаанаар хойшилж энэ сарын 16-нд тулалдахаар болсон. Энэ нь Монголын цагаар өнөөдөр /2024.10.17/ гэсэн үг.
Сонирхуулахад, Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрбээр 28 насныхаа төрсөн өдрөөр ээлжит тулаанаа хийж ийнхүү ялалт байгууллаа.
Түүний өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлдэж байсан ч өнөөдөр Э.Цэндбаатарт ялагдаж хоёр дахь ялагдлаа авав. Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан юм.