Л.Оюун-Эрдэнэ: Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох ажлыг Г.Дамдинням зориг гарган манлайлсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 14 секунд

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.06.16/ Төвийн бүсийн иргэд сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн нээлтэд оролцох үеэрээ, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдлээ. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, дэлхийн хоёр том гүрний дунд орших энэхүү улс орны ардчилсан парламентын засаглалыг хамгаалан үлдэх сонгууль байх болно” гэв.

Түүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигчдийг танилцуулж, яагаад багаар нь дэмжих ёстойг тайлбарлахын зэрэгцээ нэр дэвшигч Г.Дамдиннямын талаар сэтгэгдлээ илэрхийлэв. Тодруулбал,

“Хурдтай, хүчтэй, тууштай залуу лидерүүдийн нэг бол манай Гонгорын Дамдинням. Г.Дамдинням өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд идэвх зүтгэлтэй, маш сайн ажилласан. Дарханы замтай холбоотой асуудлыг сайн шахсаны үр дүнд өнөөдөр Дарханы замын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна. Түүнээс гадна манай Г.Дамдиннямд байдаг нэг сайн чанар бол залуу хүний шийдэмгий, зоригтой, тууштай чанар.

Тиймээс Дарханд ажиллаж байсан энэ их эрч хүч Сэлэнгэ, Төв нутагт хүрэлцэн ирлээ гэж ойлгож болно. Түүнийг нэг үгээр илэрхийл гэвэл тэр бол энерги юм. Тиймээс эрч хүчтэй, энергитэй, тууштай залуу лидертээ амжилт хүсье.

Мөн түүний хувьд Боловсролын багц хууль хэлэлцэгдэх явцад англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох асуудлыг хөндөж, өөрөө манлайлан батлуулж чадсан. Энэ нь хүүхэд залуучуудын ирээдүйд маш том хувь нэмэр оруулсан түүхэн шийдвэр болсон. Тиймээс Г.Дамдинням гишүүндээ нийт хүүхэд залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох асуудал олон жил яригдаж, Монгол Улсын парламентын босгыг найман ч удаа давж чадаагүй байсан юм. Гэтэл геополитикийн энэ их эгзэгтэй үед үүнийг нийгэмд ойлгуулж, манлайлж гарсан. Энэ бол залуу хүнээс гарах эр зориг гэж хэлж болно.

Тийм учраас зоригтой, шийдэмгий, тууштай залуу лидертээ амжилт хүсэж энэхүү бүс нутгийг хөдөө аж ахуйн бүс нутаг болгох мөн хот, хөдөөгийн боловсролын ялгаатай байдлыг багасгах тал дээр манай Г.Дамдинням гишүүний манлайлал энэ бүс нутагт томоос том хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Ерөнхий сайд миний бие илэрхийлж, түүнд амжилт хүсье” гэлээ.

Лу.Гантөмөр: Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээрээ бахархдаг
Лу.Гантөмөр: Олноо “Бидон” гэж алдаршсан Д.Ганбат гишүүнээрээ бахархдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт бороо орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт бороо орохгүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц