УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Номын баярын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаа Төв талбайд өчигдөр эхэлсэн. Номын баяр энэ сарын 18-20-ны хооронд буюу гурав хоног үргэлжилнэ.
“Номын баяр”-ын арга хэмжээнд монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ.
Номын баяр бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.