Хүүхдийн мөнгийг олгоход амьжиргааны түвшний босго оноог харгалзахгүй. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн, 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт сар бүрийн тэтгэмжийг энэ оны эхний өдрөөс бэлэн мөнгөөр олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа. Үүний дагуу өмнө нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авч байсан өрхийн хүүхдүүд хэвээрээ авах учир ямар нэг өөрчлөлт байхгүй. Харин амьжиргааны түвшин дээгүүрт тооцогдож, хүүхдийн тэтгэмжээс хасагдсан өрхүүд одоо хүсэлт гаргаснаар тэтгэмж хүртэх боломжтой болсон талаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлж байна. Хүсэлт гаргах өрх гэдэгт өмнө нь хувь болон босго заасан өрхийн судалгаанд заавал хамрагдсан эсэх нь хамаарахгүйгээр, бүртгэлтэй өрх бүрийн хүүхдүүдийг хамруулахыг хэлж байгаа аж. Хүүхдийн мөнгө авахын тулд иргэд дурын банканд хандан хүүхдийн нэрийн дансыг нээлгэсэн байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй, банканд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явах аж.
Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл нь мэдээллийн санд байгаа бол хүүхдийн бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй аж. Иргэд харьяа дүүргийнхээ хороо, халамжийн хэлтэст хандан өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэхээ нягталж тодруулж болно.
Дээрх шийдвэрийн дагуу ХНХЯ-наас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, орон нутаг, дүүргийн Хөдөлмөр нийгэм, халамжийн газар, хэлтэст үүрэг чиглэл өгч, хүргүүлж буйг мэдээллээ. Тиймээс иргэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг өөрийн харьяа дүүрэг, хорооноосоо авах боломжтойг мэдэгдлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1 сая 168 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэх нь. Тэтгэмжийг хүүхдийн 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж шаардахаар тооцсон байна.