ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж дууслаа. Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан, бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай боллоо.Эрчимт эмчилгээний тасаг нь өнгөрсөн онд 31 эмч, ажилчидтайгаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хүн амд осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг хүргэжээ.
Шинээр тохижилт үйлчилгээ хийсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай болж буйд салбарынхан төдийгүй үйлчлүүлэгчид нь их таатай байгааг энэ үеэр хэлж байв.
Мөн хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасаг боксын өрөөтэй болжээ. Тус тасаг нь өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харъяалал бүхий 1499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. 2019 онд нийт 980 хүүхдэд тулгуур хөдөлгөөний гэмтэл, согогийн мэс заслыг амжилттай хийсэн байна.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернэт, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбосон аж. Дотоод сүлжээний тусламжтай интернэт орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг ар гэрт нь дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Дашрамд дуулгахад, тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь өнгөрөгч онд эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээг 125,688 иргэнд хүргэжээ. Энэхүү тоон үзүүлэлт нь 2018 оноос 14,407 үйлчлүүлэгчээр нэмэгдсэн байна. Харин амбулаторийн тасгаар нийт 59,734 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн нь 2018 оноос 272 үйлчлүүлэгчээр нэмэгджээ. Эдгээр үйлчлүүлэгчийн 16,481 буюу 9 хувь нь хэвтэн эмчлүүлсэн аж. Үүний 11,268 буюу 68,3 хувь нь мэс засал эмчилгээ хийлгэсэн байна.