Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарласан билээ. Улмаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан байдаг.
Харин өнөөдөр Хархорум хотын төлөвлөлтөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаар болсон талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлтөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 2-ны хооронд явуулахаар болжээ.
Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.
Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.
Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудсаас авах боломжтой.
Энэ үеэр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, "Түгжрэл, утаа, үер гэх мэт хоолойд тулсан том асуудлуудыг шидэх хамгийн том гарц бол Хархорум хотыг сэргээн байгуулах явдал юм. Урьдчилсан тооцооллоор, 2040 он гэхэд манай нийт хүн ам 4,5 саяд хүрэх тооцоолол байгаа. Үүний 500 мянга орчим хүнийг Хархорум хотод суурьшин байршуулж, амьдруулах боломжтой гэж үзсэн. Нөгөө төлдөө 285 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой. Үүнийг дагаад 2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хүнсний эрэлт гарч байгаа. Үүнийг ойролцоох аймгууд хангаад явахад эдийн засгийн асар их нөөц бий болно" гэлээ.
Мөн тэрбээр, "Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталсан. Улаанбаатар хот 35 мянган га газар нутагтай бол шинэ Хархорум хот 189 мянган га талбайг хамарна. Төлөвлөлт нь зөв байж чадвал 7 жилийн хугацаанд Хархорум хотын ерөнхий дүр төрх болон онцлогууд харагдаж эхэлнэ" хэмээн онцоллоо.