“УБТЗ” ХНН хоёрдугаар сард 2.6 сая тонн ачаа тээвэрлэв. Ингэснээр энэ оны эхний хоёр сарын дараах байдлаар, 5.6 сая тонн ачаа тээвэрлээд байна. Нийт тээсэн ачааг тээврийн төрлөөр нь ангилбал, импортоор 680 мянган тонн, экспортод 1.7 сая тонн, орон нутагт 2.3 сая тонн, транзитаар 854 мянган тонн ачаа тус тус тээвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ тогтмол өсөн нэмэгдэж, аль ч сар, улиралд тээврийн хэмжээ тогтмол, жигд хэмжээтэй байх хандлага ажиглагдаж байна. Мөн хөрш улсуудын хоорондох худалдааны хэмжээг дагаад манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо ч нэмэгдсэн. Харин нийт тээврийн хэмжээнд хамгийн их жин дарж буй орон нутгийн нүүрс тээвэр урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор буурах, оронд нь тариф өндөртэй бусад төрлийн тээврийг нэмэгдүүлэх боломжтой юм. Төлөвлөгөөний дагуу сар бүрийн тээвэрлэлтийн хэмжээг хоёрдугаар сарынхтай адил 2.6 сая тоннд барьж чадвал оны эцэст 33 сая тонн давуулж, тээврийн хэмжээг өмнөх оны амжилтаас ахиулах урьдчилсан төлөв бий.
“УБТЗ” ХНН: Оны эхнээс 5.6 сая тонн ачаа тээвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.