Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Бүрэн хэмжээний кино үзэж буй мэт мэдрэмжийг өгөх медиа арт үзэсгэлэн нээгджээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 21 секунд

“Ноэми” ХХК-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Э.Номинчулуун Хаан Галерейд “Ангид оршихуй” орчин үеийн медиа арт үзэсгэлэнгээ дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн нь энэ сарын 02-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 29-нийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн уг бүрэн хэмжээний медиа арт үзэсгэлэн нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлогтой бөгөөд үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж буй аж.

Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус үзэсгэлэнг зорьж, дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Улаанбаатар хот, Хаан галерей

Үзэсгэлэнгийн танхим юу ч үгүй цав цагаан. Дээрээс торон даавуу унжуулж, өөдөөс нь гэрэл тусгажээ. Энэ бүхний нэгдэлд үзэсгэлэнгийн хамгийн чухал зүйл болох уран дүрслэл бүхий бүтээл бий болсон байна. Энэ нь ч тус үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүсийн сонирхлыг татах агаад үүнээс илүүтэй хөгжмийн сонголт хүн бүхнийг гайхшруулна.

Нэг талаас тайван амгаланг илтгэх цагаан өнгөөр үзэсгэлэнгийнхээ гол бүтээлийг туурвисан бол нөгөө талаас хүнд метал ая бүхий чанга аясаар орчныг бүхэлд нь дүүргэж, үзэсгэлэнг бүхлээр нь амилуулжээ. Энэ бүхнийг нэгтгэвэл урлагийн галерейд бүрэн хэмжээний кино үзэж буй мэт.

Бас үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн анхаарлыг нэгэн зүйл татаж буй нь илт байв. Тэр бол үзэсгэлэнгийн нэр. "Ангид оршихуй"

Яагаад ийнхүү нэрлэсний учрыг үзэсгэлэнгээс гарч буй хүмүүс л мэдэж болохоор. Учир нь Timeless буюу "Цаг хугацаанаас ангид мөнх орших" гэсэн утга санааг бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьжээ. Энэ нь “NOEMI” брэндийн үзэл санаа бөгөөд хувцасны шинэ цуглуулгадаа зориулан хулдаасан барын аргаар 4 улирлын онцлогийг шингээн цаг хугацаа эргэж буйг сануулан бүтээлүүдээ дүрсэлсэн аж.

Ташрамд дуулгахад "Ноэми" ХХК нь ноолууран хувцас, мөнгөн гоёл болон арьсан бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэдэг байна.

Иймд бид "Амьд оршихуй” үзэсгэлэнгийн найруулагч, дэглээч куратор Ц.Солонгоос энэхүү бүтээлүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг авсан юм. Тэрбээр,

“Бид үзэсгэлэнгийн гол бүтээлдээ Монгол оронд түгээмэл ургадаг Монос буюу мойл жимсний модыг сонгон авч улирал бүрд харагдах үзэмжийг нь өөр өөрийн өвөрмөц шийдлээр дүрслэн үзүүлсэн. Учир нь монос мод нь цэцэглэж бүр үр жимсээ өгдөг ашиг тустай. Мөн 4 улиралд өөр өөр өнгөнд хувирч харагддаг үзэсгэлэнтэй буюу тун тэсвэртэй мод байдаг. Энд тавигдаж байгаа media art-ууд бол хүний оюун санааны хийсвэр байгаль юм. Үүнийг хувцсан дээр буулгаж, коллекц загварын танилцуулгаа уг үзэсгэлэнгээр дамжуулан үзэгч, сонирхогчдодоо дэлгэж байгаа юм.

Үзэсгэлэнг орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болох медиа, саунд артаар онцгойлон бүтээсэн. Өөрөөр хэлбэл, дижитал зураг, дижитал арт, видео зэргийн хослолоор дамжуулан нэгэн цогц бүтээл болгосон гэсэн үг юм.

Бид уг үзэсгэлэнгээ бүтэн жилийн хугацаанд төлөвлөсөн. Бас хамгийн их тулгамдсан асуудал бол тоног төхөөрөмж байсан. Мөн Монголд медиа арт олонд танигдаагүй учраас үүнийг ойлгож бидэнд туслалцаа үзүүлэх ивээн тэтгэгч, хамтран ажиллах технологийн компани хомсхон байсан. Гэхдээ бид хувь хүн, найз нөхдийнхөө дэмжлэг туслалцаатайгаар энэхүү үзэсгэлэнгээ танилцуулсан. Бас уг үзэсгэлэн бол дан ганц хүний бүтээл биш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн гэдгээрээ онцлогтой" хэмээв.

Түүний хэлснээр уг үзэсгэлэнд дараах хүмүүс гар бие оролцжээ. Тодруулбал,

  • Үзэсгэлэнгийн санаачлагч арт директор-Энхболдын Номинчулуун
  • Үзэсгэлэнгийн найруулагч дэглээч куратор-Цээхүүгийн Солонго
  • Медиа саунд арт-Ганболдын Мөнхболор
  • График артист-Энхтайваны Билигт
  • Моушн график артист-Хүрэлбаатарын Одбилэг
  • Саунд артист-Уянгын Золбоо нар байв.

“Ноэми” ХХК-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Э.Номинчулуун нь энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан Монгол ноолуурын чанар, хийц, өөрийн онцлог, хэв маягийг урлагийн түвшинд дижитал артаар илэрхийлэн хүргэжээ. Хувцас бол харааны урлагийн томоохон төлөөлөл. Тийм ч учраас энэхүү үнэ цэнтэй урлагийг хүн бүрд сонирхолтой хэв маягаар таниулан ойлгуулах үүднээс “Ноэми” арт төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй аж. Мөн Монгол ноолуурыг болон Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах гол зорилготой ажиллаж буй бөгөөд үүнийхээ төлөө нэг шат ахиж, энэхүү үзэсгэлэнгээ дэлгэсэн байна.

Г.Хонгорзул

Г.Занданшатар: Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн
Г.Занданшатар: Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.