Манай улсад жилд 100 гаруй хүүхдэд хорт хавдар илэрдэг. Түүнчлэн хүүхдийн хорт хавдар ямар нэг шалтгаангүй байдаг гэх мэдээлэл байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн ЦЭХСТ-ийн Эрхлэгч Б.Батдуламаас тодруулга мэдээлэл авлаа.
-Манай улсад жилд хичнээн хүүхдэд хорт хавдар илэрдэг вэ?
-Монгол Улсын хэмжээнд жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр оношлогддог. Жилд 1400 гаруй хүүхэд манай тасгаар үйлчлүүлдгийн 60-70 хувь нь хавдартай хүүхдүүд үлдсэн хувь нь цусны бусад эмгэгтэй хүүхдүүд байдаг. Харин дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвчилдөг.
-Ихэвчлэн ямар төрлийн хорт хавдар зонхилон тохиолддог юм бол?
-Хүүхдүүдэд ихэвчлэн цусны хорт хавдрын өвчлөл зонхилон тохиолддог. Түүний дараа тархины хорт хавдар, тунгалагийн булчирхайн хорт хавдар, нүдний хавдар, бөөрний хавдар зэрэг хорт хавдрууд тэргүүлдэг. Түүнчлэн хүүхдүүдийн нас насны ангиллаар зонхилон тохиолддог хавдрууд байдаг. Тухайлбал,
- 0-2 насны хүүхдүүдэд-Нүдний хорт хавдар илэрдэг. /Зургийн аппаратаар хүүхдийн зургийг авахад ямар нэг амьтны нүд гэрэлд цайж харагддаг шиг шинж тэмдэг илэрдэг/
- 3-5 насны хүүхдүүдэд-Цусны хорт хавдар
- Өсвөр насны хүүхдүүдэд-Зөөлөн эдийн хавдар болон ясны хорт хавдар зонхилон тохиолддог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт сайн тавих хэрэгтэй.
-Хүүхдийн хорт хавдрын үед ямар нэг тодорхой шалтгаан байдаггүй гэдэг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ээ. Хүүхдийн хавдар насанд хүрэгчдийнхээс юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр эрт илрүүлэг гэж байдаггүй. Дэлхий нийтээр хүүхдийн хавдрын 95 хувь нь тодорхойгүй, 5 хувь нь генийн мутацитай холбоотой гэж үздэг. Эрт оношлогдсон тохиолдолд хүүхдийн хавдар тэр хэрээр хурдан эдгэх боломжтой. Тиймээс хавдар болгонд зориулагдсан протокол эмчилгээг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын тасаг хариуцан хийдэг байгаа.
-Тэгвэл хүүхдийн хавдрын үед ямар ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хавдрын эрт сэрэмжлүүлгийн үе гэж бий л дээ. Тодруулбал, Хүүхэд шалтгаангүй турж, эцдэг. Мөн ээжээсээ салахгүй уйлагнаж, хоолонд дургүй болж эхэлдэг. Бас бага насны хүүхэд вирусийн халдварт өртөмтгий байдаг тул ойролцоогоор 14 хоногийн турш шалтгаангүй халуурдаг.
Түүнээс гадна хүүхдийн гар хөл янгинаж өвдөх үед эцэг эхчүүд хүүхдүүдээ том болох гэж байна, өсөх гэж байна гэдэг. Гэтэл энэ нь маш буруу. Харин хавдрын шинж тэмдгийн нэг байдаг. Мөн зарим тохиолдолд хүүхдийн биеэр толбон тууралтууд болон цусан тууралтууд гарч болохоос гадна юмсыг хоёр болгож харах, өглөө бүр толгой нь шалтгаангүй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.