Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 онд тохиох томоохон үйл явдлууд юу байх вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 39 секунд

1. 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

2020 онд тохиох томоохон үйл явдал бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чөлөөт ертөнцийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох эсэх асуудал билээ. Трамп дахин сонгогдох нь 2016 онд Ардчилсан намыг дэмжигч мужуудад авсан ялалтаа дахин авч чадах эсэхээс хамаарна. Тэрбээр Охайо, Айовад дахин ялалт байгуулах өндөр магадлалтай. Флоридад ч бас ялалт байгуулж магадгүй. Харин Мичиган, Пеннсилвани мужууд Ардчилсан намд саналаа өгч магадгүй болоод байгаа. Тэгэхээр жижиг муж Висконсинд ширүүн өрсөлдөөн бий болно. “Хэрэв Дональд Трамп Висконсинд дахин ялалт байгуулбал Цагаан ордонд ирэх дөрвөн жил албан тушаалаа үргэлжлүүлэн авч үлдэх магадлал тун өндөр” (Жон Прайдокс, The Economist сэтгүүлчийн эрхлэгч). 1984 оноос хойш ерөнхийлөгчийн сонгууль бүрд Висконсин Ардчилсан намын нэр дэвшигчдэд санал өгсөөр ирсэн. Гэвч 2016 онд Дональд Трамп Висконсинд 22,748 хүний саналаар ойр ялалт байгуулсан байдаг. “Хилари Клинтон 2016 онд Висконсинд компанит ажил зохион байгуулаагүй. Харин энэ удаад Ардчилсан намаас нэр дэвшигч дахин ийм алдаа гаргахгүй.” (Жон Прайдокс, The Economist сэтгүүлчийн эрхлэгч) 2020 оны сонгуулиар Ардчилсан намын өрсөлдөгчид Дональд Трампын бодлого, зан араншин, алдаа дутагдлыг ширүүн шүүмжлэхээр бэлтгэж байна.

2. Дэлхийн эдийн засгийн хямрал дахин бий болох уу?

Худалдааны дайнаас үүдэж 2020 онд дэлхийн эдийн засагт уналт тохиолдох магадлалтай байна. 2019 оны эхээр АНУ, Хятад улсын хооронд өрнөсөн худалдааны дайн хүчээ авч байсан. Хэдэн сар сөргөлдсөний эцэст 2019 оны сүүлээр урьдчилсан зөвшилцөлд хүрсэн. Гэвч зөвшилцөл дэлгэрэнгүй, тодорхой биш учир 2020 онд дахин савлагаа бий болохоор байна. 2019 онд дэлхий даяар эдийн засагт удаашрал бий болж, бизнест итгэх итгэл суларсан. 

2020 онд АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилбэл хамгийн их алдагдал хүлээх улс Герман. Европын эдийн засгийн мотор болж байдаг Герман улсад өнгөрсөн жил хүндхэн байлаа. Олон улсын худалдаанд нээлттэй оролцдог учир худалдааны дайн эрчимжвэл Герман улс эмзэг эдийн засагтай. Бусад томоохон эдийн засагтай орнуудыг бодвол Герман улс худалдаанд суурилсан эдийн засагтай. Экпортийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний талд хүрдэг. Экспортын ихэнхийг үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн эзэлдэг. 2020 онд худалдааны дайн эрчимжвэл сөрөг нөлөө нь тус улсын үйлдвэрлэлийн салбараас халин гарахаар байна. Худалдааны дайны эрчимжилт, Брекситийн үр нөлөө Герман улсын үйлдвэрлэлийн салбараас эдийн засгийн бусад секторт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Германы эдийн засгийн уналт үргэлжилбэл засгийн газар уламжлалт журмаа халах хэрэгтэй болно. Герман улс олон жилийн турш хангалтгүй хөрөнгө оруулалтын асуудалтай байсаар ирсэн. Засгийн газар төсвийн алдагдалгүй байна гэсэн дүрэмтэй. Хэрэв 2020 онд эдийн засаг муудаж, ажилгүйдлийн төвшин ихэсвэл засгийн газар дагаж ирсэн дүрмээ зөрчиж эдийн засгаа сайжруулахын тулд мөнгө зарж магадгүй. Эдийн засгийн хямрал олон улс даяар бий болбол бусад засгийн газрууд ч бас санхүүгийн нөөцөө султгах шаардлагатай тулгарна.

3. Транжендер тамирчид өөрийн хүйсийн төрөлдөө олимпд оролцоно

Токиод 2020 оны долоон сард олимпын бамбар дахин асахыг хэдэн тэрбум хүн үзэхээр хүлээж буй. Дүрэм гаргаснаар ирэх олимпд транжендер эмэгтэйчүүд анх удаа эмэгтэй төрөлдөө өрсөлдөнө. Иймээс 2020 оны олимп маргаан дагуулах өндөр магадлалтай байна. Эмэгтэйчүүдийн спортын төрөлд транс эмэгтэйчүүдийг оролцуулах эсэх асуудал байнгын маргаан дагуулсаар ирсэн. Транжендер эмэгтэй хүн гэж биологиосоо эрэгтэй боловч эмэгтэй мэдрэмж, сэтгэхүйтэй хүнийг хэлнэ. Олон улсын олимпын хорооноос трансжендер эмэгтэйчүүдийг сүүлийн 12 сарын туршид тестостероний хэмжээгээ багасгасан тохиолдолд спортын эмэгтэй төрөлд өрсөлдөхийг зөвшөөрөөд байгаа. Зарим хүн тестостероний хэмжээг багасгасан ч эрэгтэй хүн учир хүчээр илүү байна гэсэн бодолтой байна. Эрэгтэй хүний бэлгийн бойжилтын үед тестостероний хэмжээ ихсэж булчин хөгжиж эхэлдэг. Хүчирхэг булчин, бат бөх яс, том зүрх, уушги нь эрэгтэй хүнд хурд, хүчний давуу байдлыг үүсгэдэг. Охид, хөвгүүдийн гүйх хурд, үсрэлтийн өндөр өсвөр насан дээрээ ялгаатай болж ирдэг.

“Оролцоо бол нийгмийн суурь зарчим. Энэ зарчим спортод ч бас хамаарна. Транс эмэгтэй хүн бол бусадтай адил эмэгтэй хүн” (Рэйчел Маккиннон, 2018 оны дугуйн спортын дэлхий аварга)

4. Сувилагчдын жил

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг “Сувилагчдын жил” болгон зарласан. Дэлхийд эрүүл мэндийн салбарын ажилчдын тал хувийг сувилагчид эзэлдэг. Сувилагчид өмнө нь эмч нарын гүйцэтгэдэг байсан маш олон төрлийн үүрэг даалгаврыг хийдэг болсон. Өмнө нь сувилагчдыг эмчийн туслах гэж хардаг байсан бол өнөө үед энэ ойлголт өөрчлөгдөөд байна. Сувилагчийн ажлыг өнөөдөр өндөр чадварлаг, их сургууль төгссөн хүмүүс гүйцэтгэж байна. Сувилахуйн ухаанд докторын зэрэг хүртэл судалгаа хийгдэж байгаа. АНУ-д мэдээ алдуулалтын гуравны хоёрыг сувилагчид гардан гүйцэтгэдэг бол Саб-Сахарын орнуудад яаралтай цезар хагалгааг сувилагчид хийдэг байна. Их Британи улсад сувилагчид хагалгаа хийхээр бэлтгэгдэж, өвчтөний үхэл амьдралыг шийдэх хариуцлагыг хүлээж эхэлж байна. 2030 он гэхэд дэлхийд 7.3 сая сувилагчдын хомстол үүснэ. Улс орнууд сувилагчдыг шинээр төрүүлэх, бэлтгэх, аль хэдийнээ сувилагчаар ажиллаж буй хүмүүсийг ажлын байранд үлдээх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай тулгарна. Сингапур улс сувилагч болохыг дэмжсэн жүжиг, баримтат кино, дуу зэргээр сувилагчаар ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлж чадсан. Ирээдүйд сувилагчдын хэрэгцээ бүр нэмэгдэнэ. Хүмүүсийн наслалт уртсаж буй учир анхаарал халамж нэмэгдэнэ. Ирээдүйд олон тооны эрүүл мэндийн ажилтныг хиймэл оюун ухааны тусламжтай орлуулж болохоор байгаа. Гэвч сувилагч мэргэжлийн хувьд өрөвч сэтгэл, хүрэлцэхүйн мэдрэмж зэргээр эмчлэх хүчтэй байдаг.

5. Алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен мэндэлсний 250 жилийн ой  

2020 онд дэлхий даяар суут хөгжмийн зохиолч Бетховиний мэндэлсний 250 жилийн ойг тэмдэглэнэ. Соён гэгээрлийн үед бичигдсэн Бетховений хөгжим улс төртэй ихэд холбогдож ирсэн түүхтэй. Түүний Тавдугаар симфоны эхлэл хэсэг морс V үсэгтэй адил байдаг нь Наци германыг эсэргүүцэх бэлэг тэмдэг болж ирсэн. Харин Есдүгээр симфоны төгсгөл аяс Европын холбооны сүлд дуу. “Бетховен эгэл жирийн хүний чадалд итгэж байсан. Түүнд л тэр хөгжмөө зориулж бичсэн”(Жон Суше, Classical фм-ийн нэвтрүүлэгч) 2020 онд Бетховений Пастораль симфони дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон сая хүнийг нэгтгэхийн тулд сүлд дуулал болон ашиглагдана. “Бетховен байгальд хайртай байсан. Хөдөөгөөр алхах үнэхээр дуртай байлаа. Алхаж байх үедээ агаарт гараараа дохиж, тэмдэглэл бичин, хөгжим зохиож явдаг байсан” (Жон Суше, Classical фм-ийн нэвтрүүлэгч). Бетховений хөгжим ирээдүйд үргэлжлэн эгшиглэх нь.

 

Эх сурвалж: The Economist

 

Жонш, төмрийн хүдэр зэрэг дотоодын зарим ачааг тээвэрлэх тарифыг 3-4 хувиар нэмжээ
Жонш, төмрийн хүдэр зэрэг дотоодын зарим ачааг тээвэрлэх тарифыг 3-4 хувиар нэмжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.