Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.
Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв. Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм.
Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ жилийн баярын цэнгүүнийг үзэж, сонирхон төв талбайдаа 2020 оноо угтахаар иргэд, олон нийт урд өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү олноор цугласан байсан нь өнөөдрийн цэнгүүний нэг гол онцлог байв.
Цэнгүүний аюулгүй ажиллагааг хариуцан нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.