Энх мэндийн хадагтай учран золгох сар шинийн баяр хаалга тогшлоо. 8 настай балчраас 80 настай буурал хүртэл үндэснийхээ дээл хувцсаар гоёж, цагаан сарын баяраа хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай. Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний дээл хувцасны үнэ өртөг ямар байгаа болон энэ жил ямар дээл тренд болж буй талаар "Шинэ зуун айл" худалдааны төвд гарч буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанаас бэлтгэн хүргэж байна.
БЗД, "Шинэ зуун айл" худалдааны төв
21 аймаг, 9 дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй бөгөөд өнгө өнгөөр алаглах гоёмсог дээл хувцсаа дэлгэжээ. Үндэсний хувцас бол яах аргагүй Монгол түмний хамгийн тансаг хувцас бөгөөд чанар, материалаараа мөн өнгө үзэмж, оёдол хийцээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг. Иймд тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ материалын чанар хийгээд гар ажиллагаа хэрхэн шаардсан зэргээс хамааран үнэ өртгийг нь гаргажээ.
Бид тус үзэсгэлэнд оролцож буй Үйлдвэрлэл эрхлэгч Б.Болортуяагаас үндэсний дээлийн үнийн талаар тодруулахад,
Эрэгтэй дээл 350-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 280-450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
"Эдгээр дээл хувцсыг эгч маань хийдэг. Эрэгтэй, эмэгтэй дээлийг өнгө загварын өргөн сонголтоор авч ирсэн байна. Анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ч иргэдийн худалдан авалт сайн байна гэж харж байгаа. Үнийн хувьд,
- Эрэгтэй дээл 350 мянган төгрөгөөс 550 мянган төгрөг
- Эмэгтэй дээл 280 мянган төгрөгөөс 450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн л чанар материал, хийц, эмжилтээс хамаараад өөр өөр байна.
Мөн хос дээлүүдийн тухайд даавуу, торго, кашмерээс хамаараад үнийн хувьд өөр өөр байгаа. Нударгатай, нударгагүй гээд олон төрлийн дээл худалдаалагдаж байна" гэлээ.
Үнэхээр үзэсгэлэн худалдааг зорих иргэдийн цуваа тасрахгүй байсан бөгөөд энд тэнд дээл худалдан авахаар өмсөж, өөрт тохирсон дээл хувцсаа сонгох гэж буй олон хүн байв.
Бид үргэлжлүүлэн СХД-ээс оролцож буй "Цэлмэг" брэндийн үүсгэн байгуулагч М.Уранбилэгтэй ярилцахад,
Энэ жилийн үндэсний хувцасны тренд бол ЭНГИЙН ДЭЭЛҮҮД
"Анх удаа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манай "Цэлмэг" брэнд маань монгол цамц болон дээл захиалгаар хийдэг. Энэ жилийн үндэсний хувцасны тренд нь "энгийн гоёмсог" дээл байна гэж харж байна. Учир нь үйлчлүүлэгчид торгон дээл хувцас гэхээсээ илүүтэй энгийн, цэвэрхэн дээлийг илүүтэй сонирхож байна. Үнийн хувьд,
- Эмэгтэй дээл 250 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн хооронд,
- Эрэгтэй дээл 300 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Ерөнхийдөө материалын чанараас хамаараад л өөр өөр байна. Эрэгтэй дээлүүд нь эмэгтэй дээлийг бодвол материал их ордог учраас үнийн хувьд илүү байдаг.
Харин монгол цамцны хувьд,
- Эрэгтэй, эмэгтэй цамц 100-110 мянган төгрөгөөр зарагдаж байна. Манай цамцнууд хавчуургатай эмжээртэй, ажиллагаа их орсон тул бусад цамцнаас 5-10 мянган төгрөгөөр илүү үнэтэй зарагдаж байна. Гэхдээ худалдан авагчид маань хүрэлцэн ирээд уулзаад ярилцвал хямдруулаад авах бүрэн боломжтой.
Энэ жил иргэдийн худалдан авалт сайн байх шиг байна. Миний хувьд өмнө нь бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахад их хэцүү, пэйж хуудсаараа дамжуулан худалдаж байсан. Тиймээс энэ жил дүүрэгтэйгээ ярилцаад үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Тиймээс орлого ч гэсэн нэмэгдэж байна" гэсэн юм.
Үүнээс үзэхэд эмэгтэй дээл 250-450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол эрэгтэй дээлийн хувьд 350-550 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй аж.
Бид дээл худалдан авахаар сонирхож буй өндөр настантай ярилцахад тэрбээр,
"Эмээ нь дээл сонирхож явна. Сэтгэлд таарах дээл харагдахгүй л байна. Тиймээс үнийг нь сонирхож асуусангүй ээ. Ногоон дээл хайгаад л үзэсгэлэнгээр явж байна. Одоогоор хараагүй л байна" гэсэн юм.
Мөн хүүхдийн дээл хувцас ямар үнээр худалдаалагдаж буйг үзэсгэлэн худалдаанд оролцож буй өрхийн үйлдвэрлэгчээс тодруулахад,
Хүүхдийн дээл 35-150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
"Энэ үзэсгэлэнд хоёр дахь жилдээ хүүхдийн дээл хувцсаар оролцож байна. Иргэдийн худалдан авалт дундаж байна.
Манайд борлуулагдаж буй хүүхдийн дээлүүд 35 мянган төгрөгөөс эхэлж байна. Нас наснаас хамаараад үнийн хувьд өөр байна. Хамгийн том буюу 15, 16 настай хүүхдүүдийн дээл 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
Мөн бараа материалын үнийн өсөлт нь бидний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна л даа. Учир нь манай улс өөрөө даавуу үйлдвэрлэдэггүй, бүх материал гаднаас орж ирж байгаа учраас үнэ нэмэгдэх тоолонд бидний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсөж байна. Жил бүр инфляц, үнийн өсөлтөөс хамаараад бүх зүйлийн үнэ нэмэгдэж байгаа. Гэтэл иргэдийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө үнээ нэмээд байна гэж ойлгоод байдаг. Бид ч мөн зах зээлтэйгээ уялдахаас өөр аргагүй шүү дээ" гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн бүгд л өөр өөрсдийн гэсэн онцлог шинжтэй бөгөөд уламжлалт дээл хувцаснаас гадна орчин үеийн загвар, шийдлийг тусгасан, өвөрмөц, чамин дизайнтай өмд цамц, хантаазнууд ч олон байв. Иймд сар шинийн баяр хэдийнээ дөхсөн энэ үед иргэд та бүхэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний дээл хувцсаа худалдан авахыг уриалж байна.