Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 130 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, хүний эрхийн үндэсний байгууллага болон бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, Комиссын гишүүн Ж.Хунан оролцож байна.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулсан “Хүний эрх-75” арга хэмжээний үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэсэн юм.
Өндөр түвшний арга хэмжээний хурлын үеэр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан.
Монгол Улсын хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд дараах гурван чиглэлд хүний эрхийн хэрэгжилтэд ахиц гарган ажиллахаа амаллаа. Үүнд, “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.
Амлалт 1: Жендерийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд үүднээс эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн чиглэсэн “SHE for HE” санаачилгыг хэрэгжүүлэх. Энэ санаачилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар эрэгтэйчүүд, хөвгүүдэд чиглэсэн одоогийн бодлого, үйл ажиллагаагаа шинжлэн судалж, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно. Амлалт хэрэгжиж дуусах огноо 2025.12.31
Амлалт 2: Хүний эрхийн Дээд комиссарын газартай зөвлөлдсөний үндсэн дээр Монгол Улс нь Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах амлалтыг өгч байна. Бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг байгуулснаар Монгол Улс даяар эрх эдэлж, үүрэг хэрэгжүүлж буй бүх хүнд хүний боловсрол олгох боломж нэмэгдэх юм. Мөн бүс нутгийн хэмжээнд эрдэмтэн, судлаачид, иргэний нийгэм, хүний эрхийн үндэсний байгууллагуудыг холбосон томоохон төв болох юм. Амлалт хэрэгжиж дуусах огноо 2025.12.31
Амлалт 3: Монгол Улсын Засгийн газар "Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2"-ийг шинэчилж, батлуулах болно. (2024-2034 он, 2 дугаар үе)
Амлалт хэрэгжиж дуусах огноо 2034.12.31