“Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан илтгэл тавилаа. Тэрбээр,
"Амьдралын таагүй нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн тэгш хүртээмжгүй байдал, эдийн засгийн нөхцөл зэргээс шалтгаалж хотыг зорих иргэдийн тоо өссөн.
Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу өнгөрсөн 2013-2022 онд шилжилт хөдөлгөөн их явагдсан эхний 6 аймагт Дархан-Уул аймгаас 23.349, Орхон аймаг 23.033, Төв аймаг 19.951, Сэлэнгэ аймаг 19.763, Өмнөговь аймаг 14.548, Дорноговь аймгаас 14.350 иргэн шилжсэн судалгаа байна. Улаанбаатар хот нийт нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд хүн амын 55 хувь нь амьдарч, их дээд сургуулийн 86 хувь, ААН-ийн 76 хувь нь төвлөрч, ДНБ-ий 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ нь нийслэлд ямар их төвлөрөл үүссэнийг харуулж байна.
Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал,
Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлэх, орон сууц худалдан авах иргэнд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Хөдөө орон нутаг дахь зам харилцаа, цахилгаан, дулаан, эрчим хүч, төвийн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний шинэчлэлт хийх, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, өргөтгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид цаашид төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байна” гэв.