Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Байнгын хорооны дарга нарын суудалд засаг дарга нарын фракц болон шинэ гишүүд идэвхтэй өрсөлдөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 8 секунд

Байнгын хорооны дарга нарын хугацаа хуулийн дагуу дуусч, саарал ордноор байнгын хороо даргалах хүсэлтэй гишүүдийн яриа хөөрөө үргэлжилж байна. Гол өрсөлдөөн ирэх жилийн сонгуульд ямар нэгэн сэтэртэй очих чинхүү хүсэл эрмэлзэлтэй шинэ гишүүд болон аймгийн засаг дарга нарын фракцын хооронд өрнөж буй аж. Сүүлийн үед байнгын хорооны даргын суудлыг ямар нэг сэтэр, шагнал, заавал дайрах ёстой даргын суудал мэтээр хандах нь элбэг болж. Уг нь улс төрийн ач холбогдол, мэргэжлийн чиглэлээрээ ч гэсэн байнгын хороог ахална гэдэг хамгийн чухал байршил. Ядаж л парламентаар ямар хуулийг явуулах уу, хэрхэн өөрчлөх вэ гээд гол бодлогыг зангидах учиртай. Цаашлаад ирээдүйд улс төрд ямар чиглэл, ямар салбараар явах, аль салбарын яамны сайдын суудалд горилох вэ гээд олон зүйлийн эхлэл байдаг. Гэвч сүүлийн үеийн байнгын хорооны даргаар чадамжгүй, улс төрийн манлалайлгүй хүмүүс тавьж буй нь бялуу хуваах зарчмыг төгсрүүлж, УИХ-ыг чадамжгүй болгож буй юм.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн байнгын хорооны дарга нарыг томилохдоо мэргэжлийн болон улс төрийн чадамжийг нь илүү харгалзан үзэх нэн шаардлагатай байна. Гэвч бялуу хуваарилах зарчим руу хэт орсон нь араасаа асуудал дагуулсаар байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар байнгын хороодод дараах гишүүд горилж буй аж.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар яригдаж байна

Тус байнгын хорооны даргаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд Б.Саранчимэг гишүүн ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад түүний оронд Ж.Батжаргал гишүүнийг тавихаар засаг дарга нарын фракц ажиллаж байгаа аж. Мэдээж бүлгийн дэд дарга гэх үнэн цэнэ, ач холбогдол муутай албан тушаалд хоосон сууж байснаас байнгын хороо удирдах хамаагүй дээр. Мөн орон нутгаас сонгогдсон засаг дарга нарын фракц хүнс, хөдөө аж ахуй болон үйлдвэржилтийн байнгын хороог авна гэдэг стратегийг барьж ажилласаар ирсэн. Тэд өнгөрсөн удаад Б.Саранчимэг гишүүнд мотордуулж байнгын хороогоо алдсан ч Т.Энхтүвшин гишүүн нь Үйлдвэржилтийн байнгын хороог ахалж байсан билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог эмэгтэй шинэ гишүүдийн нэг ахална

Тус байнгын хороог одоогоор Г.Мөнхцэцэг ахалж байгаа. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг гэсэн гишүүд яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хамгийн магадлалтай нь Б.Баярсайхан гишүүн бөгөөд гурвуулаа боловсролын асуудлаар өнгөрсөн хугацаанд идэвхтэй дуугарч, ажиллаж ирсэн гишүүд. Харин Ч.Ундрам гишүүний хувьд ёс зүйн асуудлаас шалтгаалж тус өрсөлдөөнд жин дарахуйц байж чадахгүй байх нөхцөл ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, гол өрсөлдөөн Б.Баярсайхан болон Ц.Мөнхцэцэг нарын дунд өрнөх бололтой. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороо боло БСШУС-ын байнгын хороог эмэгтэй гишүүдэд өгнө гэдэг бодлогыг өнгөрсөн бүлгийн хурлаар ярьж тохирсон учраас ийнхүү эмэгтэй шинэ гишүүд илүүтэй өрсөлдөж байгаа аж.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад Ж.Чинбүрэн явах сонирхолтой байгаа ч, Э.Батшугар үлдэх магадлалтай байна

Н.Учрал сайд инновац, цахим бодлого гэх агуулгыг анх ярьж эхэлсэн бөгөөд сонгуулийн дараа шинээр нэмэгдсэн байнгын хороо юм. Инновац, цахим бодлогын асуудлыг ойлгодог гишүүд яг үнэндээ тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын гишүүд дунд цөөхөн. Н.Учрал, Э.Батшугар нараас гадна хамгийн боломжтой Х.Ганхуяг нь өөр байнгын хороонд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа учраас Ж.Чинбүрэн гишүүн тус байнгын хорооны даргад үзэх магадлалтай байна. Гэвч тус байнгын хорооны ажил Ч.Учрал сайдын яамны бодлоготой уялдаж явах учраас тус байнгын хороог Э.Батшугар үргэлжлүүлэх байх гэсэн таамагтай байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар аймгийн засаг дарга нар Г.Ганболдыг тавихаар ажиллаж байна

Олны анхааралд төдийлөн ордоггүй хэдий ч стратегийн ач холбогдол бүхий газар бол Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо юм. Өнгөрсөн 2022 оны наймдугаар сард засаг дарга нарын фракц идэвхтэй ажилласны үр дүнд Т.Энхтүвшин гишүүнийг даргаар нь тавиулж байсан. Тэгвэл энэ удаад Т.Энхтүвшин гишүүн дахин даргын өрсөлдөөнд орохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Г.Ганболд гишүүнийг байнгын хорооны даргаар томилох асуудал яригдаж эхэллээ. Мэдээж гол дэмжлэг аймгийн засаг дарга нарын фракцаас ирэх нь ойлгомжтой. Харин өнгөрсөн хугацаанд нүүрсний түр хороо дээр асуудал үүсгэж олон нийтээс оноо алдсан түүнийг гишүүд нь дэмжих үү гэдэг сонирхол татаж байна.

Эдийн засгийн байнгын хороог Х.Ганхуяг ахлах магадлалтай байна

Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн байнгын хороог УИХ-ын гишүүн, МУ-ын гарьд Ц.Цэрэнпунцаг тэргүүлж ирсэн. УИХ-ын даргын зүгээс дэмжлэгтэй энэ суудалд тавигдсан гэх түүнийг улирааж ажиллуулах сонирхол байгаа ч төсөв, санхүүтэй холбоотой стратегийн ач холбогдолтой байнгын хороог Х.Ганхуяг гишүүн авах магадлалтай өндөр яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус байнгын хорооны даргыг шийдвэрлэх асуудалд хамгийн жин дарж оролцох эрхэм нь ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Өөрөөр хэлбэл, тус байнгын хорооны даргын суудлын өрсөлдөөн одоогийн дарга Ц.Цэрэнпунцаг болон Х.Ганхуяг нарын хооронд өрнөх ажээ.

Тэгвэл одоогийн байдлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар улирч ажиллахаар болоод буй юм. Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нар саяхан томилогдсон учраас энэ удаад даргын асуудал яригдахгүй ажээ.

Б.Дэлгэрсайхан: Такси үйлчилгээтэй холбоотой гарч буй гэмт хэргийг цэгцлэх үүднээс эзэнтэй болгож байгаа
Б.Дэлгэрсайхан: Такси үйлчилгээтэй холбоотой гарч буй гэмт хэргийг цэгцлэх үүднээс эзэнтэй болгож байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.