Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж арваннэгдүгээр сарын 13 хүртэл хойшилсон. Шүүх хуралдаанаар хэрэгт холбогдогчдын хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн эрүүл мэндийн зайлшгүй шалтгаан нөхцөлийг харгалзаж үзээгүй талаар Б.Ганхуягийн эгч мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Арьсны өвчин гэдэг маш аюултай. Есдүгээр сарын 10-наас хойш гэнэт арьсны өвчлөлтэй болсон нь сэжигтэй байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш миний дүүд эрүүл мэндийн ямар ч асуудал гараагүй. Гэтэл гэнэт яагаад хордлого шиг тууралт гарч байгааг ойлгохгүй байна. 461-р хорих ангид арьсны өвчин судлалын эмч байх хэрэгтэй байна. Хөл гарын хуруу нь хөрсөн байдалтай байна. Тууралт ихэсч байна.
Миний дүү 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хоригдож, одоо нийт 11 сар хоригдож байна. Хамгийн гол нь яагаад гэнэт биеэр нь тууралт үсэв. Эмчилгээгээ авахгүй байсаар хүндэрвэл яах вэ. Прокурор, шүүхийн зүгээс Б.Ганхуягийг эмчлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Цаашид илүү том эрсдэл үүсвэл яах вэ. Хорих ангид тав хоног хэвтэхэд нь зөвхөн рингер л хийсэн гэдгээ шүүх хурлын үеэр хэллээ шүү дээ. Хэрэв хорих ангид эмчилгээг хийх боломжтой бол яаралтай эмчилж өгөхийг л хүсч байна" гэв.