Энэ сарын 02-03-ныг шилжих шөнө үүрийн 04:00 цагт хотоо эргэхээр гарсан малчин эмэгтэй рүү чоно дайрсан үйл явдал болсон. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суманд тус үйл явдал болсон бөгөөд малчин Б.Түмэндэмбэрэл чононд ноцуулж, улмаар цустай гараараа багалзуурдан чоныг чулуугаар цохиж амь аврагдсан байна.
Тэгвэл малчин Б.Түмэндэмбэрэлээс "Алтай ТВ"-ийн сурвалжлах баг дараах тодруулгыг авчээ. Тэрбээр,
"Үүрээр 04:00-05:00 цагийн үед манай ноход хуцаад, боргоод байсан. Тэр чимээгээр би сэрээд гадаа гартал сувай мал уулан дээр гарсан байсан юм. Тэгээд малаа буцааж ирчихээд гэр рүүгээ орох гэтэл саалийн ямааны хашаанаас хэдэн ямаа үргээд сувай мал руу явж байсан юм. Тиймээс буцаах гэсэн боловч буцахгүй байсан. Тэгэхээр нь би ерөөсөө хашаан дээрээ очъё гээд очтол бараг ихэнх ямааг маань ноцчихсон байсан.
Гэтэл хашааны цаад булангаас нэг саарал амьтан над руу эгцээрээ үсрээд гарнаас маань бариад авсан. Тэгээд л тэр чонотой ноцолдоод, цээжин дээр нь гараад суучихсан. Тэр бол залуу чоно байна лээ. Соёо, шүд нь маш хурц байсан. Тухайн үед би их балмагдаж, сандарсан.
Гэхдээ ямар ч байсан амьд гарах юмсан гэж бодогдоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Гэтэл муужирсан бололтой байсан юм. Уг нь хоолойг нь боочихмоор санагдаад сахиусаа таслаад үзтэл ямар ч нэмэр байдаггүй. Тэгээд хажууд нэг том чулуу байхаар нь ам руу нь хийгээд зуулгачихсан юм. Тухайн үед би жаахан тайвшраад сэхээ авсан.
Тэгээд дахин нэг чулуу аваад сарьсан хоншоор руу нь хэд хэд цохитол чимээгүй болчихсон. Чоныг 7 голтой гээд ярьдаг учраас хэсэг хугацаанд цээжин дээр нь сууж байгаад гарнаас маань цус их гараад байсан учраас гэрийнхээ зүг гүйсэн. Тэгээд тэр дороо сумын эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн. Эмч нар маань ч шуурхай тусламж үзүүлсэн" гэжээ.