Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан. Зодуулсан хүүгийн биеийн байдал хүнд байсан тул төрсөн аав нь Турк улсад аваачин эмчлүүлж байгаа юм. Тэгвэл хүүг зодсон Э-гийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.
Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.