Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд энэ оны долоодугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд завьт болон машинаар эргүүл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулсан байна.
Тус аймгийн Хүдэр сумын хоёрдугаар багт байрлах “Монгол алт” гэх газрын ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар бэлтгэн завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоож, тухайн газарт байрлуулан тавьсан экскаватор, алт угаах төхөөрөмж, ковш зэрэг техник хэрэгслийг лацдаж, ажиллаж байсан иргэдийг албадан тараан ажиллажээ.
Мөн Ерөө сумын гуравдугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт иргэн “Б” нь бусадтай бүлэглэн газрын хэвлийд халдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдийг шалгах явцад хууль бусаар олборлосон алт үнэт металлыг иргэн “Ч”-ээс хураан авч ажилласан. Экологийн цагдаагийн алба нь хууль бусаар ашигт малтмал олборлосон, олборлохыг бэлтгэн завдаж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьчдилан сэргийлэх чиглэлээр усан завиар болон машинт, явган эргүүл, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.