Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдлаа. Хурлын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, энэ дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалан ажиллажээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай Шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
УБЗАА-наас хог тээвэр, зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын 364 албан хаагч тусгай зориулалтын 80 автомашин, техник хэрэгсэлтэй зуслангийн бус, “Алтай” хотхон, Сэлбэ гол дагуу нийт дөрвөн байршилд ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор таван дүүргийн найман хорооны 10,414 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан. Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа цахилгаан өгөхөөр төлөвлөсөн бөгөөд 5000 гаруй айлын цахилгааныг өгчээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газраас Энхтайваны гүүрний нүхэн гарцаас 2300 тонн ус соруулж, 272 тонн дайрга, шороо зөөсөн. Мөн “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас 3300 шоо метр ус соруулжээ. Сэлбэ гол дагуу 617 албан хаагч 56 техник хэрэгсэлтэй шороо асгаж, далан босгон ажиллаж байна гэлээ.