3х3 сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн энэ сарын 29-ний өдөр Япон улсад эхэлнэ. Ирэх жил Парисын олимптой тул одоо тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлэх болохоор энэ тэмцээн маш хариуцлагатай цаг үед болж байгаа юм.
Одоогоор 3х3 сагсан бөмбөгийн клубуудын дэлхийн чансааны эхний арван байрт Монголоос хоёр баг багтсан байгаа. Тодруулбал, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын “Улаанбаатар ММС Энержи” болон А.Ананд, О.Энхбаатар нарын “Сансар ММС Энержи” багууд.
Энэ хоёр баг хоёулаа “Utsunomiya Opener” тэмцээнд оролцоно. “Сансар ММС Энержи” баг А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон АНУ-ын Майами багуудтай орсон бол “Улаанбаатар ММС Энержи” баг В хэсэгт Литвийн Раудондварис Хопстранс болон Сербийн Партизан багуудтай багтжээ.
Гэмтэлтэй байгаа Э.Дөлгөөнийг орлож, Л.Авирмэд “Улаанбаатар ММС Энержи” багаас тоглох бол дэлхийн шилдгүүдийн нэг, саяхан “Сансар ММС Энержи” багт нэгдсэн Сербийн Александр Ратков Монголын төлөө анхны тэмцээндээ оролцоход бэлэн болсон байна.