"Хөтөл"-ийн ТУЗ хуралдаж, Л.Наранбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудитын байгуулагаас сөрөг дүгнэлт гаргасан тайлан нь олон нийтэд ил болсон. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй үргүй зардал гаргасан зэрэг олон асуудлууд сөхөгдсөн.
Үүнтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр мэдээлэл хийж, тайлбар өгсөн боловч өнөөдөр /2023.04.11/ эл компанийн ажилтнууд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гадна эсэргүүцэл зарлан жагсаж, тодорхой хэд хэдэн шаардлагуудыг тавьсан юм. Тодруулбал, тэдний зүгээс ТУЗ-ийг яаралтай хуралдуулах, аудитаас гаргасан дүгнэлтийн дагуу Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцох, дараагийн захирлыг үйлдвэр дотроос томилох шаардлагуудыг тавьсан юм.
Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажилтнуудыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ тэдний шаардлагын гурван шаардлагын хоёрыг нь хүлээн авч, ТУЗ-ыг яаралтайгаар 16.00 цагт хуралдуулж Л.Наранбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Харин дараагийн захирлын томилох асуудлыг тусад нь хэлэлцэж, шийдвэрлэнэ гэжээ. Түүнээс гадна ойрын хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-д биечлэн очиж, ажилчидтай уулзахаар болсон байна.