УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Зовлон үзсэн чавганц гэдэг шиг хэдэн үг хэлье. Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Гэтэл буруу жишиг тогтож байна. Хуулийн байгууллагад болон УИХ-д итгэх иргэдийн итгэл уналаа. Хэн нь гэмтэй, хэн нь гэмгүйг хууль хяналтын байгууллага тогтоож чадахаа больчихсон юм бишүү гэсэн зүйлийг иргэд хэлж байна. УИХ дээр гэмтэн гэж хэдэн хүний нэрийг зарлачихаад, УИХ хаалгаа хаагаад хаалттай хуралддаг горимоо өөрчилмөөр байна. Хэн чинь хулгайч гэдгийг ил тод ярья. Энэ бол зөвхөн МАН-ын тоглоом биш байна.
УИХ-аар түдгэлзүүлэхээр шийдсэн ч шүүх дээр хаалттай хэлэлцдэг зүйл бий. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шүүх нээлттэй шийддэг байя. Юунаас нь айгаад байгаа юм бэ" гэлээ.