УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хуулийн төсөлд зааснаар тухайн жилийн төсвийн тухай хуулийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж үзээд байна. Энэ заалтыг яагаад оруулсан юм бэ. Нэг талдаа Хууль тогтоомжийн тухай хууль заавал үйлчлэх ёстой. Тухайн хуулийг боловсруулахад молон нийтийн санал авах, хэлэлцүүлгүүдийг хийсэн байх ёстой зэрэг нь Төсвийн тухай хуульд хамгийн гол хамаатай. Зарчмын хувьд, Төсвийн байнгын хорооны даргын хувьд үүнийг дэмжихгүй. Хэрвээ энэ хуулийг цаашид хэлэлцүүлье гэж байгаа бол энэ заалтаа ав. Төсөвт хяналтыг хамгийн сайнаар тавих ёстой.
Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан байсан төсвийн шаардлагыг түр түдгэлзүүлэх гэсэн байсныг зогсоох гэж оруулж ирсэн байна. Түдгэлзүүлэх, зогсоох гэдэг нь хоёр өөр асуудал. Түр хугацаанд түдгэлзүүлдэг байсан асуудлыг зогсооно гэдэг нь агуулгын хувьд өөр. Түдгэлзүүлэх гэдэг үгээр битгий оролд, Х.Нямбаатар сайд аа. Төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Төсвийн байнгын хорооны дарга олон нийтэд таалагдах гээд амьдралд зөрчилдөж байгаа зөрчлийг нь гаргая гэхээр гаргаад хэрэггүй гээд байх юм. Төсвийн тодотгол хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийг барьж хийдэггүй шүү дээ. Төсвийн тодотгол цаг хугацаатай орж ирдэг. УИХ хэлэлцээд л явдаг. Төсөвтэй холбоотой харилцааг Төсвийн тухай хуулиараа л зохицуулж яв гэдгийг хэлж байгаа шүү дээ" гэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Та бүхний хуулийн 3.2 дугаар заалтыг дэмжихгүй. Төсөв ч хууль тогтоомжийн тухай хуулиар явах ёстой. Яагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг оруулж ирж байгаа юм бэ. Бид цаашид хэлэлцүүлээд явья гэвэл энэ заалтуудаа хасаж байж явна шүү. Тийм юм байхгүй" гэв.