Өнөөдөр /2023.03.03/ НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Хэлэлцүүлгийн үеэр НЦУГ-ын дэд бөгөөд МШГ-ын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ "Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хичнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.
Тиймээс НЦУГ-аас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад уламжлахаар ажиллаж байна" гэлээ.
Авто машины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн агаарын орчны бохирдолтой тэмцэх газар, Автотээврийн үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн газар, Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.