Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов.
Тодруулбал, нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав.
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, 9 төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж өгөв. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүллээ.
Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг 2013 онд батлагдснаар өнөөдрийг хүртэл мөрдөж байсан нь хэрэглэгчид, үйлдвэрлэгчдэд аль алинд нь бэрхшээл учруулсаар иржээ. Тодруулвал 2013 онд валютын ханш юань 221 төгрөг байсан бол 2020 онд 394 төгрөг, 1 ам.доллар 1410 төгрөг байсан бол 2788 төгрөг болж тус тус өссөн нь түүхий эд бараа материалын үнэ хэд дахин өсөхөд хүргэжээ. Гэтэл жишиг үнэ хэвээр байгаа нь үйлдвэрлэгчид хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй иргэдийн гар дээр чанаргүй бараа бүтээгдэхүүн очиход хүргэж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдыг багагүй бухимдуулж байсан юм.
Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2017-2019 онд дунджаар 63,500 ахмад хамрагдаж 9,5 тэрбум төгрөг, 17,553 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 3,1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна.
Сүүлийн гурван жилийн дүнгээс үзэхэд ахмад настнуудын хувьд хиймэл шүдний хөнгөлөлт, нийт зардлын 30 гаруй хувийг эзэлж жилд 3,1 тэрбум төгрөг, хиймэл түнхний үе , өвдөгний үе, нүдний болор, шилбэний түгжээт хадаас зэрэг мэс заслын аргаар хийдэг өндөр өртөгтэй протезийн хөнгөлөлтөд 3,4 тэрбум төгрөг бусад зардлын ихэнхи хэсгийг тэргэнцэр сонсголын аппарат, нурууны төрлийн хамгаалалт зэрэгт зарцуулсан байна. Иймд тогтоол шинэчлэгдснээр үййлчилгээ үзүүлэх байгууллагууд төрөлжиж, нийлүүлэх хэрэгслийн нэр төрөл тодорхой болж, чанар, стандартын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгсэл иргэдэд олгох үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халамжийн сангийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах боломж бүрдэх юм.
Тогтоолыг хэрэгжүүлэхэд 2021 оны төсвийн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөнгөлөлт тусламжийн зардалд нийт 3,3 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай болох юм гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.