Өсвөр үе, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд бэлдэх, клубүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий чөлөөт бөхийн U17, U22 насны анхдугаар лигийн тэмцээн өчигдөр /2023.01.14/ Чингэлтэй дүүргийн "Хайрхан" хөгжлийн төвийн спорт зааланд эхэллээ.
Монголын чөлөөт бөхөд урьд өмнө нь байгаагүй шинэлэг хэлбэрийн тус лигийн U17 насны ангилалд “Алдар” спорт хороо, Спортын төв сургууль, 73 дугаар сургууль, Баянгол дүүрэг, “Аваргууд” академи, Төв-Арж, Налайх дүүрэг, "Төгс” дэвжээ, “Хасу-Мегастарс” клуб, “Тэх Мөнх”, "Цаст тайга" клуб гэсэн 10, U22 насанд “Алдар” спорт хороо, Спортын төв сургууль, 73 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн "MJ" клуб, Төв-Арж, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор, “Төгс”, “Хасу-Мегастарс”, “Тэх Мөнх” клуб гэсэн есөн баг тойргийн журмаар өрсөлдөж байна.
Гуравдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжлэх энэхүү лиг нь долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагдах бөгөөд эхний өдөр 17 насны хоёр, 22 насны нэгдүгээр тойргийн халз барилдаан болсон юм.