Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон билээ. Чухам тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм.
Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хоёр хоногийн өмнө бид монголчуудын эх түүх, утга соёлын түүхэн дурсгалт бүтээл “Монголын нууц товчоон”-ыг 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, эрдэмтэн доктор Балдандоржийн Сумъяабаатарын бүтээн туурвисан “Монголын нууц товчоон: Иж судалгаа” хэмээх 2262 хуудастай номыг танилцуулсан.
Мөн Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болголоо. Их эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг Монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнйихээ хүчээр дэлхийн бодлогыг тодорхойлогч Эзэнт гүрнийг байгуулж, улмаар энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон билээ.
Тэрбээр нэгэнтээ “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” хэмээн айлдсан түүхтэй.
Энэ бол шударга ёсыг эрхэмлэдэг, гагцхүү хууль засагладаг, ард түмнээ энэрдэг Төр оршин байхын утга учрыг тодорхойлсон хэрэг бөгөөд монгол хүн бүр, түүний дотор төрд алба хаагч хэн бүхэн эрхэмлэн санаж явах учиртай.
Чингис хааны байгуулж төлөвшүүлсэн төрт ёсны тогтолцоо, зарчим, төрийн ёс бэлгэдлийн үзэл санааг Монгол Улс үе үеийн Үндсэн хуулиуддаа тусган өнөөг хүртэл уламжлан ирсэн билээ.
Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухлыг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" гэжээ.