Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбатар хотын түгжрэлийн асуудал олон нийтийн дунд багагүй маргаан, хэлцлийг өрнүүлж байна. Өчигдөр л гэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг метро барих ажлыг сэргээхийг "шаардав". Харин энэ үед олон нийт Хот хариуцсан сайд "хаачив" хэмээх асуулттай нүүр тулав. Хот хариуцсан Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудалд дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй. 20-30 жилийн хугацаанд ужигарч бүрэлдсэн. Позитив талаасаа э/засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авилга,замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн.
Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий.
-Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах,
-Тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах.
Түгжрэлийг бууруулах дунд, урт хугацааны үндсэн бодлого нь төвлөрлийг сааруулах нэгдсэн бодлогын хүрээнд хот төлөвлөлтийг сайн хийж мөрдүүлэх, нийтийн тээврийн парк, зохион байгуулалт-үйлчилгээг шинэчлэх, авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх, замын (зорчилт) хөдөлгөөний ухаалаг зохицуулалт, зохион байгуулалтыг буй болгох, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн соёлыг дээшлүүлэх, түгжрэлийн талаарх олон нийтийн зохистой хандлагын өөрчлөлтийг дэмжих, түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх.
ЗГ-н гишүүнээр ажилласнаас хойших 2 сар гаруй хугацаанд бодлогоо бид ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх гэдгээ шийдвэр гаргах болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой болно" гэв.