Өчигдөр орой АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Өчигдөр "Тавантолгой Төмөр зам" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хамаарал бүхий газруудад нэгжлэг хийжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийт 24 ААН-ийн байранд нэгжлэг хийсэн. "Тавантолгой төмөр зам" ХК-ийн байранд нэгжлэг хийсэн мэдээлэл байна. АТГ-аас манайд мэдээлэл ирүүлээгүй.
-Нүүрсний хэргийн ажиллагаа хэр явагдаж байгаа вэ?
-АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад явж байгаа. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир мөрдөн шалган байгууллагууд нь мэдээллээ өгөх байх. Жил бүр манай улсын гаалийн мэдээ, урд улсын гаалийн мэдээ зөрдөг. Тиймээс энэ болгонд шалгалт хийгдэнэ. Гаальд татвар төлөхгүй, бүртгүүлэхгүй гарч байгаа хэд хэдэн тохиолдол бий. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад шалгаж байна.