УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дайнаас болоод эрчим хүчний нүүрсний үнэ өсчихсөн. Өнөөдөр Европ өөрсдөө эрчим хүчний нүүрс худалдаж авдаг болчихлоо. Надад ирж буй мэдээллээр, Монголын нүүрс хятад руу гараад Хятадаасаа Европ руу очоод байна. Тэнд тонн тутам нь 400-500 доллараар зарагдаж байна. Гэтэл бид тээвэргүй, төмөр замаа тавьж чадаагүй учраас үүнийгээ хийж чадахгүй байна.
Өрсөлдөх чадвар байхгүй. Битүү хулгай. Тээврийг эрх мэдэлтэй, УИХ-ын дарга, гишүүн байсан нөхдүүд тээвэр хийж, ашгаа тэндээс авч байна. Худалдан авагч Хятадын талын ард ч манай эрх мэдэлтэй нөхдүүд байгаа гэж би итгэж байна. Харагдах байдалдаа Хятад компани байгаа ч ард нь манай дарга нар байна. Тиймээс энэ асуудлыг зогсоож шийдвэрлэхгүй бол экспортын орлого байхгүй. Хамгийн их экспорт хийдэг чинь нүүрсний салбар. Гэтэл би орлогоо олж чадахгүй. Төмөр замаараа ч тээврээ хийж чадахгүй байна.
Төмөр замын хулгай байна. "Эрдэнэставантолгой"-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямд авчихаад түүнийгээ нууцалж байна. Тэрүүгээрээ төмөр зам тавьж байна. Зүүн тийшээ болон урагшаа. Гэтэл урагшаа хийгдэж байгаа төмөр замын санхүүжилтийн эх үүсвэр нь зүүн тийшээ тавьсан санхүүжилтээсээ 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирсэн. Бүр цаашлаад Богд-Уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавих мэдээлэл ирээд байна. Энэ бүр мэдээлэл нь нууц. Үүгээрээ ийм арга хэрэгслээр хулгай маш их хийгдсэн гэсэн үг. Цаашаа хамгийн багадаа 30-40 их наядын хулгай хийгдсэн байна. Үүнийг УИХ-д нээлттэй ил тод хэлэлцье. Арга хэмжээ авахгүй байгаа хуулийн байгууллагад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё" гэлээ.