Хан-Уул дүүргийн ЕБ-ийн 130 дугаар сургуулийн хажууд газар хашаалж барилга барьж эхэлсэн талаарх мэдээллийг олон нийт шүүмжилж буй. Эл асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад шалгалт хийх үүрэг өгсөн талаараа өчигдөр мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ч мөн адил эл асуудалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр "Газрын тухай хуулиа чангалах хэрэгтэй! 2022 оны намрын чуулганаар хэлэлцүүлэгдэх хамгийн чухал хуулийн төслүүдийн нэг бол "Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль" юм. Монгол Улсын хэмжээнд, түүн дотор Нийслэл Улаанбаатар хот нь хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого байхгүйгээс өнөөг хүртэл бетонон ширэнгэ болоод байгаа нь гашуун үнэн. Мөнгөтэй, хүчтэй компани дур мэдэн олон нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, өөр зориулалтаар газар ашиглах зөвшөөрлөө аваад дээр нь 10-20 давхар барилга бариад байж болохгүй.
Ялангуяа сургууль цэцэрлэг орчимд энэ асуудлыг онцгой анхаарч газрын тухай хуульд тусгах хэрэгтэй. Миний бие үүн дээр онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллах болно. Хан-Уул дүүргийн хувьд газрын зөрчил, маргаан хамгийн их байдаг. Нийслэлийн 130-р сургууль урьд өмнө нь ч орц гарцын асуудал шийдвэрлэгдэхгүй байна гэх асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж, миний бие уг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан билээ. Өнөөдөр мөн л тухайн сургуулийн баруун талыг хашаалсан зөрчил гарч байна. Энэ асуудлыг тухайн бүсэд амьдарч буй иргэд, 130-р сургуулийн сурагчдын эрх ашигт нийцүүлэн сургууль орчмын бүсийг аюулгүй болгохын тулд Нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллана" гэв.