Ардчилсан Залуучуудын Холбооноос С.Эрдэнэ болон Х.Баттулга нарыг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлж, суулт зарлаж байгаа тухайгаа мэдээлсэн. Энэ үеэр АЗХ-ны гишүүн Г.Очирбат дараах зүйлийг ярьлаа.
Тэрбээр, "С.Эрдэнэ ардчиллын арьс нөмөрсөн коммунист болсон байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АЗХ аль нэг талын байр сууринд оролцоогүй, төвийг сахиж байсан. Гэтэл С.Эрдэнэ МАНАН бүлэглэлийн захиалгыг гүйцэлдүүлж байгаад залуус бид харамсаж байна.
АН-ын үндсэн дүрэмд, УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын дарга, дэд дарга бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хүн огцроогүй байна.
Өмнө хэлсэнчлэн өөрөө хоёр хэрэгт холбогдсон гэдгээ хэлсэн. Гэтэл олон жил асуудал шийдэгдээгүй байна. АН эрх чөлөөний төлөө дуугарч чадахгүй байна. Үүнийг С.Эрдэнэ хийсэн.
Хоёр жил бид ах нарыгаа эргэж эвлэлдэхийг гуйсан. Эв найрамдалтай байхыг хүссэн. Түүнээс гадна долларын ханш өсөөд, валютын хомсдолд орсон нь АН сөрөг хүчний ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ. Үүнийг хэн хийж байна гэхээр С.Эрдэнэ. АН-ыг хүчгүй, эв нэгдэлгүй харагдуулж байгаа хүн бол тэр юм. Битгий АН-ыг наймаалц гэж хэлэх гэсэн юм" гэв.