“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгийн найруулагчаар ажилласан найруулагч М.Батболд ажиллаж буй.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул бүтээхээр болжээ. Тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байгаа юм. Мөн эл жүжигт Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн нарын жүжигчид нэгэн тайзан дээр хоршин тоглоно. Жүжиг "Хүн театр"-т болно.
Сонирхуулахад, тус театрын хамт олон энэхүү жүжгээ аравдугаар сарын 10-нд манай улсад ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, англи орчуулгатайгаар тоглох аж.
Жүжгийн тухай болон зохиолчийн тухай мэдээлэл өгөхөд, “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигджээ. 2022 он гарсаар хоёр ч улсад тавигдаад буй. Энэхүү зохиолоор бүтсэн кино хүртэл бий.
Жүжгийн тасалбар 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулагдаж байгаа ба тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой.