2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуульд очиж, бодит байдалтай танилцлаа. Энэ хичээлийн жилийн хувьд нийслэлд хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт дэвшүүлсэн билээ. Уг зорилт биелж байгаа бөгөөд зорилтыг хэрэгжүүлэх ажлын явц, цаашдын гарц шийдлийн талаар ярилцсан юм.
Цэцэрлэгийн зориулалтаар нэгдүгээр давхрын байруудыг түрээслэхийн дээр 85-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 17 барилгыг худалдан авч цэцэрлэг болгож буй ажээ. Мөн “Өргөө” цомцог гэр цэцэрлэгийг байгуулж, байгууллагын цэцэрлэгт 2600 хүүхдийг авахаар болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 111,542 хүүхэд цэцэрлэгт орохоор болсон байна.
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг туслах багшийн курст суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэлж байлаа. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг ажээ.
Баянзүрх дүүргийн 267 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Байгалмаа "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 2300 гаруй хүүхэдтэйгээс 1800 нь цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээсэн. Манай цэцэрлэгийн хувьд 400 гаруй хүүхэд хамруулж байгаагаас, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэн ажиллуулж буй гурван бүлэгт 90-100 хүүхэд хүлээж авах боломжтой болсон. Одоогийн байдлаар 37 хүүхэд бүртгүүлээд байна. Хэрэв орон сууцны нэр давхрыг түрээслэх замаар цэцэрлэг ажиллуулаагүй байсан бол энэ хүүхдүүд ямар ч цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан. Мөн цэцэрлэгт маань шинэхэн төгссөн, залуу багш нар ажиллаж байна. Бүгд 1000 туслах багш бэлтгэх сургалтад хамрагдаж, батламжаа авсан хүмүүс" гэлээ.
Баянзүрх дүүргийн 267 дугаар цэцэрлэгийн туслах багш Э.Лхагважаргал "Би өмнө нь соёлын ордонд бүжгийн багшаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд олон жил гэртээ суусан. Харин энэ зун 1000 туслах багш бэлтгэх 45 хоногийн сургалтад суугаад одоо 267 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. Цаашдаа цэцэрлэгийн багш болохоор зорьж байгаа" хэмээсэн юм.
Нийслэл хотод эхлүүлсэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг энэ онд нийслэлд, ирэх жилүүдэд Дархан-Уул, Орхон зэрэг хүн ам олонтой, томоохон аймаг, хот суурин газарт хэрэгжүүлэх бүрэн боломжтойг салбарын сайд хэлж байлаа.