Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын хамт олонд болон тус Комиссын дарга Квон Сүн-Илд саяхан болж өнгөрсөн Үндэсний ассамблейн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэсэн захидал илгээж, Ковид-19-ийн үед сонгуулийг зохион байгуулсан туршлагаасаа хуваалцах хүсэлтийг хүргүүлсэн юм.
БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Квон Сүн-Илийн албан захидлыг хөрвүүлэн танилцуулж байна.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН
ҮНДЭСНИЙ СОНГУУЛИЙН КОМИСС
2020 оны 04 сарын 29
Эрхэм дарга Ч.Содномцэрэн танаа,
Дэлхий даяар Ковид-19 цар тахлаас үүдсэн хүнд бэрх цаг үетэй нүүр тулаад хэдийн хоёр сар гаруй болжээ. Бүгд Найрамдах Солонгос Улс ч мөн ялгаагүй энэхүү хүнд нөхцөл байдалд сонгуулиа зохион байгууллаа. Үндэсний сонгуулийн комисс ариутгалыг аль болох хангалттай хийх нь хамгийн сайн сонгуулийн менежмент гэдэг итгэлтэйгээр сонгогчдыг аюулгүй байдалдаа санаа зоволгүйгээр сонгуульдаа оролцох боломжоор хангахад ихээхэн анхаарч бэлтгэл ажлаа зохион байгуулж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан. Аз болоход сонгуульд оролцогч бүх талууд тухайлбал, манай хамт олон, санал авах байр болон санал тооллогын байрны ажилтнууд, ажиглагчид, мэдээж сонгогчдын идэвхтэй оролцооны ачаар бид сонгуулиа амжилттай зохион байгууллаа.
Ковид-19 цар тахлын үед сонгуулийн үйл ажиллагаагаа хэрхэн аюулгүй зохион байгуулах талаар олон орон санаа зовниж байгаа гэж бодож байна. Тиймээс бид сонгуулийн үеэр Ковид-19-ийн эсрэг баримталсан бодлого, чиглэлийнхээ талаар болон өөрсдийн цахим хуудсаар түгээсэн сонгуулийн үйл явцад сонгуульд оролцогчид хэрхэн оролцохыг харуулсан бичлэгийг англи хэлнээ хөрвүүлж, ойрын хугацаанд сонгуулийн удирдлагын байгууллагуудтай хуваалцах болно.
Бидний туршлага бусад орны сонгуулийн удирдлагын байгууллагад багахан ч гэсэн тус нэмэр болох аваас бид ихэд урамтай байх болно.
Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн,
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН
ҮНДЭСНИЙ СОНГУУЛИЙН КОМИССЫН
ДАРГА КВОН СҮН-ИЛ
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо