ЭМЯ-наас Ковид-19 халдварын талаар ээлжит мэдэгдэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн бусад улс орнуудад нөхцөл байдал ямар байгаа талаар болон Ковид-19-тэй холбоотой судалгааны үр дүнг танилцууллаа. Тэрээр:
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд:
Бразил улсад шинээр 7218 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 85,000 гаруй болжээ. Мөн тус улсад 435 нас баралт шинээр нэмэгджээ.
ОХУ-д 7099 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, тус улсын тохиолдлын тоо нийтдээ 106,498 болжээ. Нас баралтын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 101 хүн нас барж, нийт нас баралт 1073 болсон тухай тус улсын Гамшгийн хариу арга хэмжээний штабаас мэдээлсэн байна.
Сингапурт шинээр 528 тохиолдол нэмж бүртгэгджээ. Эдгээрийн 6 нь тус улсын иргэд бөгөөд үлдсэн тохиолдлууд нь Сингапур улсад хөдөлмөр эрхэлдэг ажилчид, цагаачид байгаа аж.
ХБНГУ-ын “Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв”-ийн мэдээлснээр Герман улсад лабораторийн PCR шинжилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, 7 хоногт 860,000 гаруй шинжилгээ хийх хүчин чадалтай болжээ. Тус улс өмнө нь 7 хоногт 460,000 гаруй шинжилгээ хийдэг байсан ба ийнхүү хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Тус улсад хүн амын дунд шинжилгээг өргөн хүрээнд, олноор хийж, халдварын тохиолдлуудыг аль болох эрт илрүүлэн, тусгаарлах замаар халдварын гинжийг таслах стратеги барьж байгаа аж. ХБНГУ-д халдвар тээгч 1 хүн цааш халдварыг тараах түвшин нь дунджаар 0,76 байна. Энэхүү индикатор 1 буюу түүнээс дээш болох тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах, цуцлах боломжгүй тул уг үзүүлэлтийг анхааралтай ажигласны үр дүнд хорио цээрийг дэглэмд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Сингапур улсад өчигдөр 1478 тохиолдол, 173 нас баралт бүртгэгджээ. Ингээд тус улсын нас баралтын түвшин 4% болж нэмэгдсэн байна.
Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал Европын орнуудад Ковид-19 цар тахлын халдвар хяналтад орох болоогүй гэдгийг анхааруулсан байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 46%, нас баралтын 63%-ийг тус тивийн улсууд эзэлж байгаа аж. Тиймээс хяналтаа сулруулахгүй байхыг сануулсан байна. Европ тивд өнгөрсөн 7 хоногт шинэ халдварын тохиолдлын тоо 15 хувиар, нас баралтын тоо 17 хувиар тус тус нэмэгджээ.
Их Британийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар Ковид-19 туссан эрэгтэйчүүд болон таргалалттай хүмүүс дунд нас баралт өндөр байгаа нь ажиглагджээ. Энэ нь тарган хүмүүсийн уушгины үйл ажиллагаа буурч, арьсан доорх болон дотор эрхтэний өөхний эд эсэд үрэвсэл ихээр явагддаг тул дархлаа буурснаар нас барах эрсдэл өндөр болдог байна.