Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өчигдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийжээ.
Энэ үеэр Унгарын талаас тус улсын их, дээд сургуульд суралцуулах Засгийн газраас нь
манайд олгодог 200 оюутны тэтгэлгийг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн олгохоо мэдэгдсэн байна. Мөн хоёр улсын Дипломат академи хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, Унгарын туршлагаас суралцахаар болжээ.
Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой дөрөвдүгээр сарын 28-нд тохиосон юм. Монгол, Унгарын 70 жилийн дипломат харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхилтой буйгаа Монголын талаас илэрхийлжээ.
Мөн Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банк хоорондын зээлийн хэлэлцээрт Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, ЭКСИМ банкны Ерөнхий захирал Гергей Якли нар Будапешт хотноо гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам