Өнөөдөр / 2022.08.18/ болсон Ардчилсан намын ээлжит бус Их хурал боллоо. Хурлын нээлтийн үеэр Ерөнхийлөгч асан, АН-ын дарга Х.Баттулга “Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдаж, Ардчилсан намын нэр хүнд уналаа. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байх үедээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор ард түмний хүслийг биелүүлж эрх барина гэсэн бодолтой байна” гэв.
Намын ээлжит бус Их хуралд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 204 хорооны Ардчилсан намын гишүүдээс 1348 төлөөлөгч оролцож байгаа аж. Энэ удаагийн хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ишжамцын Мөнхжаргалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн байна. Харин Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Ө.Шижир, АН-ын дэд даргаар Ш.Түвдэндорж, Б.Ган-Очир, Д.Бадарсан, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл нарыг Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар олонхийн саналаар томиллоо.
Мөн ҮБХ-ны Ээлжит бус хуралдааныг СХД-ийн ҮБХ-ны гишүүн Ш.Түвдэндорж даргалж, Тэргүүлэгчээр Орхон аймгийн ҮБХ-ны гишүүн З.Сарантуяа, БЗД-ийн ҮБХ-ны гишүүн С.Үнэн нар ажиллаж Намын Их хурлаар хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэн уламжлав.