БНСУ-д их хэмжээний аадар бороо орсны улмаас долоон хүн амиа алдаж, 6 хүн сураггүй алга болоод буй. Энэ нь сүүлийн 80 жилд тохиолдоогүй үзэгдэл аж. Ингээд Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суралцдаг оюутан Б.Ханбилгүүнтэй холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Бороо хэзээнээс эхэлсэн бэ. Хэдийн хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна?
-Солонгос Улсад борооны улирал нь эхэлчихсэн байгаа. Одоо ч бороо орж байна. Яг энэ үер нь өчигдөр /2022.08.08/ 20.00 цагийн үед эхэлж, 00.00 цаг хүртэл ус тасралтгүй орсон. Гэрийн 80 хувьд нь ус орсон гэж хэлж болно. Манай гэртэй ойрхон гол байдаг. Борооноос үүдэн гол үерлэж, ус нь орж ирлээ гэж хүмүүс ярьж байгаа. Гэхдээ гол шалтгааныг нь одоогоор тодорхойлоогүй байна.
-Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
- Би оюутан. Одоогоор хичээлдээ явах боломжгүй байна. Өчигдөр бороо орж байхад гэртээ ирэхэд гэр рүү ус ороод эхэлчихсэн байсан. Хувцас, хичээл номоо авч амжаагүй. Хамаг юмаа алдчихсан. 20 минутын дотор гэр усаар дүүрчихсэн.
-Солонгост хэнтэй амьдардаг вэ. Бусад Монгол хүмүүстэйгээ холбоо барьсан уу?
-Энд найзтайгаа амьдардаг. Бид хоёроос өөр монгол хүн энэ хавьд байхгүй. Бусад хүмүүсийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна.
-Солонгос Улсын Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Одоогийн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ алга. Биднийг өөрт ойрхон иргэдийн төв руу очиж мэдэгдэл өгөөрэй гэсэн. Гадаа гудамжны ус татарчихсан явах боломжтой болсон. Сургуулиас мөн ямар нэг мэдээлэл ирээгүй учир өөрөө сургуульдаа мэдэгдсэн.
-Учирсан хохирлыг хэрхэн барагдуулах бол?
-Манай байрны эзэн мотортой ус шүүгчээр усыг гаргасан. Хэрэв түрээсэлж буй байр маань даатгалтай байвал хохирлыг барагдуулна гэж сонссон. Одоохондоо баталгаатай мэдээлэл өгөөгүй байна.
-Урд шөнө байр руу нь ус орсон гэсэн шүү дээ. Хаана хоносон бэ?
-Бидний түрээсэлдэг байр 5 давхар, хамгийн доод давхарт нь биднээс гадна 6 айл байдаг. Бүгд усаар дүүрсэн. Харин байрны эзнийх дээрээ байдаг учир тэнд хоносон гэлээ.
Сануулахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл бороо үргэлжлэн орж байгаа энэ үед нийтийн тээврийн үйлчилгээг сэргээхэд шаардлагатай цаг хугацааг харгалзан засаг захиргааны болон төрийн байгууллагуудад мягмар гарагийн ажлын өдрийг хойшлуулахыг үүрэг болгосон байдаг.