Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Эл хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад "БНСУ-д Монгол Улсын иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. ГХЯ болон Сөүл дэх ЭСЯ тус иргэний асуудлаар анхаарч ажиллаж байна. Сөүл дэх ЭСЯ-наас цагдаагийн байгууллага, талийгаачийн ар гэртэй холбогдон ажиллаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөөд байна" гэлээ.

Сануулахад, өмнөд Солонгосын дуучин Psy-ийн “Summer Swag” тоглолт долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 20-ны хооронд үргэлжилж байна. Нийт долоон хотод тоглохоос өнгөрсөн бямба гарагт Ганвон мужид тогложээ. Харин тоглолтын маргааш буюу долдугаар сарын 31-нд 15.52 цагийн орчимд 20 орчим насны монгол залуу "Гангнеун" цэнгэлдэх хүрээлэнгийн гэрлийн цамхагийг буулгахаар ажиллаж байгаад өндрөөс унаж нас барсан байна.