Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Чухал хууль батлагдсан. Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. Уг хуулиар Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрд гаргах боломж бүрдэж, дөрвөн сараар төлбөрөө урьдчилж төлөөд анх удаа ийм хугацаанд нөөцөө татаж чадсан.
Тиймээс дараагийн шатахуунаа дөрвөн сараар авъя. Үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьсан. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ. Оросын талаас ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн.
Оросууд шатахуунаа 25 хувь хямдруулсан ч АИ-92 литр тутамдаа 500-1,000 төгрөгөөр илүү үнэтэй байна.
Дизель түлшийг бол бид хязгаарлаж барих боломжгүй. Өргөн хэрэглээн дээрээ зохицуулалт хийж байгаа. Дизелийн хэрэглээний 70 хувь нь уул уурхайн салбарт, 5 хувь нь өргөн хэрэглээнд хамаардаг. Үнэ нь ч гадна талд боломжийн байгаа. Харин ХАА-н салбарт 20 хувь хамаардаг. Ургац хураалт эхлэх буюу есдүгээр сараас эдийн засагт гарч ирэх нэг цохилт энэ байх нь" гэлээ.