Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Иргэд үнийн өсөлтөд хамгийн их шаналж байна. Нэн ялангуяа эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байдал нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулсан байна. Амжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал тэгш бус байдал улам даамжирах нөхцлийг бүрдүүлж байна. Хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа ч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр ложистикийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.
Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь. Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Төв банкны УИХ-аас баталсан зорилтоос давж гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт гол нөлөөлж байна. Үүн дотор хүмүүсийн амжиргааны гол бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан орон нутагт очих барааны үнэ илүү өндөр байна. Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байна. Үүнийг бодлого боловсруулж, ард түмнийг төлөөлөх эрхтэй УИХ зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс үнийн өсөлтийг хязгаарлах тухай хуулийн төслийнхөө үр дүнг дүгнэж, шаардлагатай зарим арга хэмжээг авах хэрэгтэй байна. Түүнчлэн үнийн өсөлт намар хамгийн өндөр түвшиндээ хүрэх магадлалтай байгааг ОУВС-гийн байгууллагын шинжээчид анхаарч байна. Импортоос хамааралтай манай эдийн засаг ирэх 9, 10 сар, оны эцэс гэхэд инфляцийн, нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд ард иргэд нэрвэгдэж болзошгүй байна. Иймээс ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах хууль, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна" хэмээлээ.