21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.
7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуулаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм” гэж хэлээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг энэ гэдгийг онцоллоо.
Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.
Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хотоо 21 аймгаа авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам.
Загастайн давааг давахын тулд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд бид ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр "Мөнхөд ашдын зам" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК- ажиллажээ.
Тус замын зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальтбетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см. Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт 3,0 км уртад 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе, 2 талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэйгээс гадна ус зайлуулах хиймэл байгууламж 132 байршилд хийжээ. Замын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 у/м төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1000 гаруй ширхэг замын тэмдэг байршуулжээ.