Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа тухай Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ нарийн ногооны татан авалтын талаар мэдээлэв.
Тэрбээр "Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш өдөрт 80 гаруй чингэлгээс 10-15 нь хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо, жимсийг импортолж байсан.
Хятадын талаас манай хүсэлтийг хүлээн авч Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон зургаадугаар сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа уг боомтын үйл ажиллагааг тогтворжино гэсэн найдлага тавьж байна.
Эрээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул нарийн ногоо, жимсийг Бээжин, Шандунаас ачигдаад Эрээн хотын Хавкан хүнсний ногооны терминалд буугаад сэлгэн ачилтыг хийгээд хөргүүртэй чингэлгээр манай улсад импортолдог.
Нарийн ногооны Монгол Улсын импорт, Хятадын экспортыг зогсоохгүй байх талаар Эрээнд суугаа Консулын Газраас Эрээн хотын Ардын Засгийн Ордон, ковидын Шуурхай Штабтай байнгын холбоотой ажилласан.
Үүний үр дүнд нутгийн гүнээс тусгай горимоор орж ирж буй нарийн ногоо, жимсийг Эрээнд тусгаарлагдсан 30 ажилтан ачилт хийж байна" гэв.