Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа тухай Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ сарын 2-нд коронавирусны анхны тохиолдол илэрч улмаар Замын-Үүд-Эрээн боомтоор чингэлэг орж ирээгүй. Зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-д Луут сарын баярын өдөр тохиосон. Энэ хүрээнд хилийг 24 цагийн хугацаатай амарсан. Ингээд 4-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай харилцан ярилсаны хүчин боомтын үйл ажиллагаа тасалдахгүй явуулах боломжийг бүрдүүлж чадлаа. Зургадугаар сарын 4-нөөс 8-ний хооронд өдөрт 30-40 чингэлэг орж ирсэн. Харин 9-нөөс эхлэн хэвийн байдалдаа шилжиж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 75 чингэлэг орж ирж байна. Мөн манай талаас тавьсан саналыг хүлээн авч нарийн ногооны чингэлэг хилээр орж ирсэн. Эрээнд өнөөдрийн байдлаар 456 тохиолдол илэрсэн. Үүнээс 200 гаруй нь шинж тэмдэггүй байгаа. Шинээр голомт үүсээгүй. Цаашдаа нөхцөл байдал тогтворжих байх. Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш нарийн ногоо жимсний экспорт зогссон байсан. Энэ сарын 11-нээс хэвийн болж, нутгийн гүнээс орж ирж буй нарийн ногоог Эрээнд тусгаарлагдсан ажилтнууд ачилт хийж байна.Тяньжин далайн боомтод 7,000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээллийг Хятадын талаас мэдээлсэн. Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэргийн тоог нэмэгдүүлсэн. 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж буй. Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ" гэв.