Энэ жил Үндэсний их баяр наадамд 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингэхдээ өнгөрсөн жил тэмдэглэж чадаагүй 100 жилийг 101 жилтэй хамтатган тэмдэглэхээр болсон. Гэвч наадам болоход сарын хугацаа үлдсэн ч төр засгаас нэг ч төгрөг гаргаагүй гэж Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийн багаас мэдэгдлээ.
Багийн гишүүн, УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар "Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа" хэмээлээ.