Ганцхан шөнийн дотор 655... Энэ тоо танд юу бодогдуулж байна вэ. Магад бусдад тусласан хүмүүс, эсвэл ямар нэг баяр наадам болоход үлдсэн цаг, минут гэж үү. Үгүй ээ...
Энэ бол тоо бол бусдын амь нас, эрүүл мэндэд “санаатайгаар” заналхийлсэн жолооч нарын тоо.
Гэхдээ ганцхан шөнийн дотор цагдаа нарын илрүүлсэн нь энэ. Хэрэв зээ, цагдаагийн алба хаагчид эдгээр хариуцлагагүй, ухамсаргүй жолооч нарыг цаг алдалгүй илрүүлж баривчлаагүй байсан бол магад 655 хүний амь хохирч, үр хүүхэд, гэр бүл нь өнчирч үлдэх байв. Үгүй ядаж л 655 хүн эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа бусдын гар харж амьдрах байсан байх.
Хүн хэмээх араатайн хэзээнээс бусдаар албадуулж, хүчлүүлдэг төрөлхийн зантай. Энэ ч утгаараа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх дуртай согтуу жолооч нарыг хариуцлагажуулахаар хуулийн хариуцлага хүлээлгэж ирсэн. Гэвч хууль хэтэрэхий зөөлдсөний хар гайгаар уу, эсвэл монгол хүний хэнэггүй, ухамсаргүй зангаас болоод тэр үү. Ямартай ч архидан согтуурч, мансуурсан үедээ жолооны ард суух залуусын тоо буурах биш харин ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүнийг ч ганцхан шөнийн дотор илрүүлсэн 655 согтуу жолоочийн үйлдэл харуулах биз.
Илрүүлсэн нь энэ. Гэтэл үүний цаана хэчнээн залуус согтуу, мансуурсан үедээ жолоо мушгиж, бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон бол гэдгийг таахаас ч айдас төрөм.
Тиймээс энэ бүх асуудлыг бүрэн утгаар нь биш юм гэхэд, бага ч гэсэн цөөлөх боломж юу байгааг эрэлхийлэхээр Зөрчлийн тухай хуулийг судлаж үзэв. Гэтэл олон түмний амьдралд саад тотгор болсон хууль гэж хэл ам дагуулаад байсан эл хууль начир дээрээ хариуцлагагүй, ухамсаргүй ард түмний толгойг илсэн зөөлнөөс зөөлөн хууль байх юм.
Ялангуяа архидан согтуурч, мансуурсан “хүнэнцэрүүдэд”...
Тухайлбал, тус хуульд
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн бол жолооны эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно.
-Харин согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлсэн бол 100 мянган төгрөгөөр торгоно.
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.
Эндээс л Зөрчлийн хууль бол мансуурсан, согтуурсан нөхдүүдэд хамгийн ашигтай хууль болохыг та харсан байх.
Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг хэн худалдан авч хэрэглэх үү, мэдээж ямар нэг хэмжээний мөнгө төгрөгтэй хүн.
Хэр архи ууж, жолоо мушгих уу... бас л амьдралаасаа уйдсан, арчаагүй нэгэн.
Ингээд бодохоор согтуурагч, мансуурагч хоёрын огтлолцох цэг нь жолооны хүрд болж таарч байна.
Тиймдээ ч согтуу жолооч нараас бол олон зуун хүн амиа алдаж, олон зуун хүүхэд өнчирч үлдэж байна. Үгүй ядаж л иймэрхүү “хүнэнцэрүүдээс” болж жилээс жилд олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирч, бусдын гар царайчилж амьдрахдаа тулж байна.
Хамгийн эмзэглүүлмээр статистик нь 2021 онд гурван иргэн, 2022 онд нэг иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоосон хэрэг гарчээ. Гэтэл уг мансуурагчдыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-ээр буюу жолоо барих эрхийг нь нэг жилээр хасаж, 400 мянгаар торгосон байх юм. (Мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар зүйлчилж шийтгэсэн).
Энэ бол зөвхөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд баригдсан нь. Цаана нуугдмал баригдаагүй нь өчнөөн бий нь тодорхой. Дээр нь согтууруулах ундаа хэрэглэсэн олон зуун залуус өдөр тутамдаа жолоо барьж байна гээд боддоо.
Энэ бүхнээс үзвэл, “Жаргалтай газар хүн тогтдоггүй. Өвстэй газар мал тогтдоггүй” гэдэг үг үнэн бололтой. Үүнийг нь ч Зөрчлийн тухай хууль мансуурагч, согтуучуудад хэт зөөлдөж буйгаас харж болохоор. Тиймээс тэдний эрхийг нь хасаад 400 мянгаар торгоод өнгөрдөггүй баймаар байна.
Харин бусдын ам нас, эрүүл мэндэд санаатайгаар заналхийлсэн зүйл заалтаар Эрүүгийн хуулиар зүйлчилж ялладаг болъё.
Ташрамд дурдахад, иргэд үг хэлэх эрхээ эдэлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар зүйлчлүүлж ял эдэлддэг болсон цаг. Гэтэл архи дарс, хар тамхи хэрэглэсэн арчаагүй нэгний толгойг яагаад илээд өнгөрөх гэж. Бодож цаг ирж, хуулийнхаан...