Шүүхээс тухайн гэмт хэргийг прокурорт буцаадаг тогтолцоо өнөөдрөөр тасалбар болоо. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төсөл өнөөдөр батлагдлаа.
Уг хуулийн төсөл батлагдснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх шийдэхдээ нэг бол хэрэгсэхгүй, үгүй бол гэм зэмийн ял ногдуулах сонголттой болж байгаа юм.
Энэ талаар хуулийн төслийг санаачилж, батлуулсан УИХ-ын гишүүдийн зүгээс “Шүүх бол хамгийн их чирэгдэлтэй, хүнд сурталтай байгууллага болсон. Ялангуяа энгийн иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг. Дэлхий нийтэд шүүх байгууллага яг ийм зарчмаар ажилладаг. Гэтэл манай улсын хуулийн тогтолцоогоор шүүхийн байгууллага нь тухайн гэмт хэргийг заавал нотолж ир гэж байгаа юм шиг прокурорт буцаадаг. Ийм байж болохгүй ээ. Угтаа бол дэлхийн нийтэд шүүхээс тухайн гэмт хэргийг хүлээж аваад гэм буруутай бол ялыг нь өгдөг. Гэм буруугүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог.
Манай улсын хууль яг ийм байдлаар ажиллана. Гэхдээ хуулийн байгууллага маш сайн ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн шалгасан хэрэг дээрэ маш сайн ажиллаж, нотлох баримтаа цуглуулж байж шүүхэд шилжүүлэх ёстой. Тэгэхгүй бол нотлох баримт хангалтгүй, хэрэг бүрэн нотлогдохгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ утгаараа прокурор хариуцлагатай ажиллах ёстой болж байгаа юм. Дутуу шалгасан хэргээ шүүх рүү шилжүүлбэл тухайн прокурор өөр хариуцлага хүлээнэ шүү" гэлээ.